Т.Энхтайван: Улсын хөгжлийг УЦС тогтвортой болгоно

enkhtaivan_saidЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайвантай ярилцлаа.

-Дөргөн, Тайширын УЦС-ыг барих гэрээнд та гарын үсэг зурж байсан. Энэ асуудал сүүлийн үед төдийлэн яригдахгүй байгаа. Одоо энэ ажил ямархуу байдалтай явагдаж байгаа юм бол?

-Тиймээ, Түлш, эрчим хүчний газрын дарга байхдаа 2001 оны наймдугаар сарын 23-нд БНХАУ-ын Шанхайн Гадаад эдийн засаг технологийн хамтын ажиллагааны корпорацитай  Дөргөний УЦС-ыг барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурж байсан. Дөргөний УЦС-ыг барьж байгуулан дэлхийн эдийн засгийн хямралын өмнөхөн 2008 оны зургадугаар сарын 20-нд анхны гидротурбин генераторыг туршин ажил­лaгаанд оруулж байлаа.

2010 онд Дөргөний УЦС 26.5 сая кВтцаг цахилгаан үйлдвэрлэн ББЭХС-д нийлүүлээд үйлд­вэр­лэлийнхээ орлогоор өөрөө өөрий­гээ санхүүжүүлээд ашигтай хэвийн тогтвортой ажиллаж байна. Одоо  Киотогийн протокол-Цэвэр хөгж­лийн механизм (ЦХМ)-ын шуга­маар хүлэмжийн хийн арилжаанд орж байгаа тул гадаадаас нэмэлт орлого орж ирнэ. 

Ийнхүү импортын цахилгаа­наар хангагддаг баруун бүс нутаг Дөргөний УЦС-ыг ашиглалтад оруулснаар  хоёр талын цахилгаа­ны эх үүсвэртэй болон, алслагдсан баруун гурван аймгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байд­лыг нь урт хугацаанд баталгаа­жуулж өгч байгаагаараа нэн чухал ач холбогдолтой болсон юм.

-Урт хугацаанд баталгаа­жуу­лах гэдгээ тодруулахгүй юу?

-УЦС бол 1880 оноос өндөр хөгжилтэй улс орнуудад ашиглагд­саар эдүгээ төгөлдөршилд хүрсэн  шилдэг технологи юм. Бусад төр­лийн цахилгаан станцуудаас 2-5 дахин урт  буюу 100 түүнээс дээш жилийн  ашиглалт эдэлгээний хугацаатай байдаг давуу тал  нь 24 цагийн тасралтгүй ажиллагаатай хүнд үйлдвэрлэл болох эрчим хүчний салбарын тогтвортой ажил­лагааг урт хугацаанд  баталгаа­жуулж  өгдөг юм. 

Ийм ч учраас НҮБ  болон олон улсын байгууллагаас  УЦС-ыг тогтвортой хөгжлийн түлхүүр тех­нологи гэж үздэг болсон бөгөөд улс орон бүр усны эрчим хүчний нөө­цөө эдийн засгийн эргэлтэд оруулж тогтвортой хөгжилд хүрэхийг  эр­мэлздэг болжээ.

-Тайширын УЦС-ыг барих гэ­рээнд бас таныг гарын үсэг зурсан гэдэг. Үүнийг асуудал­тай Завхан голын усыг тасал­дуулсан ноцтой УЦС гээд байдаг юм билээ?

-Тайширын УЦС-ыг барих гэ­рээнд би 2004 онд гарын үсэг зур­сан. Кувейт, Эмират улсын сан­хүүжилтээр барьж байгуулсан. Уг УЦС-ын булдаж нягтруулсан бетон даланг богино хугацаанд барьж байгуулсан нь манай орны нөхцөлд сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлсэн томоохон  амжилт юм. Сүүлийн гурван жил да­раалан хур тунадас багатай жи­лүүд тохиож станцын усан сан дүүргэлт хүлээгдсэн тал бий. Ер нь УЦС 1-3 жилд усан сангаа дүүргэж хэвийн ажиллагаанд ордог бөгөөд Тайширын тухайд хуурайшилт ихтэй байж гурван  жил хүлээлгэсэн нь зарим хүнд дэндүү  удаан юм шиг санагдсан болов уу. Ер нь манайд 852 гол ширгэсэн гээд  байгаа бөгөөд тэнд УЦС-ууд огт  байхгүй учраас гол усыг ширгээ­гээд байгаа шалтгаан нь УЦС биш болох нь хэнд ч ойлгомжтой байна.  УЦС бол голын урсацын хүчийг л  ашигладаг, харин усыг  хэрэглэж хороодоггүй, ширгээдэггүй харин ч голын урсацыг байнгын жигд го­римд байлгадаг юм.  Ирэх зурга­дугаар сараас Тайширын УЦС-ыг байнгын тогтвортой ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

-Манайд УЦС -ын талаар мэ­дээлэл хомс байсан тэр үед та Японы УЦС-ын хөгжлийн тухай цуврал телевизийн нэвтрүүлэг зохион байгуулж байсан. Энэ тухай одоо дурсвал сонин байх болов уу?

-Тэр үед Дөргөн, Тайширын УЦС-ын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эхэлж байсан болохоор   УЦС-ын талаар олон нийтэд зөв ойлголт өгөх  нь нэн чухал байсан юм.  Тэгээд л  Монгол телевизийн Гараг студийн захирал Бадамсам­бууг явуулж  Японы УЦС-ын 100 гаруй жилийн түүхэн хөгжлийн ололт, туршлагаар цуврал нэвтрүү­лэг хийж үзүүлсэн нь хүмүүст үнэн зөв мэдээлэл хүргэхийн зэрэгцээ тэдний  сонирхолыг  ихээхэн татсан танин мэдэхүйн чанартай арга хэмжээ болсон юм.

-Дөргөн, Тайширын УЦС ашиг­лалтад оруулснаар цаашид ма­най оронд энэ технологийг ну­тагшуулан экологийн цэвэр усны эрчим хүчний үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой нь ба­талгаажсан гэж үзэж болох уу?

-Манай орны усны эрчим хүч­ний нөөц 50 тэрбум кВтцаг-аар үнэлэгдсэн байдаг юм.  Дөргөн,  Тайширын УЦС нийлээд 75 сая кВтцагийг үйлдвэрлэх төслийн хүч чадалтай. Энэ бол манай улс нийт усны эрчим хүчний нөөцийнхээ 0.15 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулаад байна гэсэн үг л дээ.  Нөгөө талаас манай улс жилдээ дөрвөн тэрбум кВтцаг цахилгааныг долоон  дулааны цахилгаан стан­цаар үйлд­вэрлэж байгаатай харь­цуула­хад ирээдүйн өсөн нэмэгдэх хэрэг­цээнийхээ тодорхой хэсгийг усны эрчим хүч, экологийн цэвэр эх үүсвэрээс гаргаж авах боломж байгаа нь харагдаж байна.

Олон улсын дээд хэмжээниий уулзалт жил бүр зохион байгуу­лагдах болж дэлхийн дулаарал, уур амьсгалын ноцтой өөрчлөл­тийн гол шалтгаан болдог хүний буруутай үйлдлээс үүддэг хүлэм­жийн хийг бууруулах үүрэг амлал­тыг НҮБ-ийн гишүүн улс орон бүр  авсаар байна. Монгол улс ч гэсэн  экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэр болох томоохон чадлын УЦС-уудтай болох талаар ажил­лаж байгаа ба  хүлэмжийн  хий,  утаа угаар, агаарын бохирдол уул уурхайн хүнд үйлдвэрлэл гээд  даруй шийдвэрлэх том асуудлууд  тулгараад  байгаа учраас энэ чиглэлээр цаашид  эрчимтэй ажил­лах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ хоёр УЦС-ыг  барьж ашиг­лалтад оруулснаар манай орны  байгаль цаг уурын нөхцөлд  жи­лийн дөрвөн улиралд тогтвор­той ажил­лах УЦС байгуулж болох нь нот­логдсон.

-УЦС-ыг эдийн засгийн хям­рал инфляцид өртдөггүй гэдэг үнэн үү?

-Тэр үнэн. УЦС-ыг ажиллуу­лахад нүүрсний уурхайгаас төмөр замаар нүүрс нефтийн бүтээг­дэхүүн тээвэрлэх шаардлага байх­гүй цэвэр дотоодын нөөц, өөрөө урсаад УЦС-д ирдэг усны хүчээр ажилладаг. Нүүрсээр ажилладаг дулааны станцын зардлын 60 орчим хувийг түлшний зардал эзэлдэг бол УЦС-д энэ зардал огт шаардлагагүй тул эдийн засгийн өндөр үр ашигтай байх нь тодор­хой байна. Дэлхийн зах зээлийн  эдийн засгийн савлалт давалгаа­наас ямарч хамаарал байхгүй тул УЦС хямрал инфляциас ангид байх чадавхи  нь манай салбарт  маш чухал юм. 2010 онд Монгол улсын Ерөнхий сайд Канад улсад айлчлахдаа Монголын хөгжлийн загвараар энэ улсыг тодруулсан нь ихээхэн учир утгатай юм билээ. Канад улс УЦС-уудаараа 350 тэрбум кВтц цахилгаан гаргаж аваад 50 тэрбумыг нь АНУ-д экс­портлон худалдаалж тэр нь  эргээд цэвэр хуримтлал болон орж ирдэг юм байна.  Үүнээс харахад "УЦС бол  валютын үйлдвэр гэсэн" биз­несийн хүрээнийхний дунд байдаг яриа бол гайхаад байх зүйл биш бөгөөд хэнд ч  ойлгомжтой бодит үнэн байна. Жишээлбэл, Норвеги улсын УЦС-ын суурилагдсан хүч чадал 30000 МВт бөгөөд тус улсын цахилгааны 99 хувийг хангаж эдийн засаг санхүүгийн  хямралаас ангид асар их үр ашигтайгаар өөрийгээ санхүүжүүлэн аваад явдаг  юм байна.

-Орчин үед УЦС-ыг олон сал­барын иж бүрэн зориулалтаар ашигладаг гэх юм билээ, манайд тийм боломж байж болох уу?

-Манай ард түмний арвилан хэмнэлтийн ухаан маш товч бөгөөд тодорхой байдаг. Тэр нь нэг су­маар  хоёр туулай "буудах" гэсэн 5 үгээр илэрхийлэгдсэн байдгийг бид бүгдээрээ  сайн  мэднэ  дээ. Орчин үед УЦС-ыг олон салбарын иж бүрэн зориулалтаар барьж нэг сумаар хэд хэдэн туулай "буудаж" байдаг юм билээ. Манайд ч гэсэн УЦС-аар хоёр туулай "буудаж" болно доо.

-Та тэр хэдэн туулайнуудын жишээнээс дурдана уу?

-Эхлээд УЦС-аас утаагүй эко­логийн цэвэр аргаар  цахилгаан гарган авна гэдэг  манайд гамшиг болоод удаж байгаа агаарын бохирдлын тулгамдсан асуудлаа шийдэх гарцыг эндээс олж харж болно. Орчин үеийн олон сал­барын зориулалттай УЦС бүхий усан техникийн цогцолбор дараах асуудлуудыг нэг мөр шийдэж  өөр­өөр хэлбэл нэг сумаар олон туулай буудах боломж олгон УЦС хөг­жүүлж чадсан тухайн улсад үлэмж их үр ашиг хуримтлал буй болгож  байдаг юм. Тухайлбал дээр дурд­сан экологийн цэвэр  нөхөн сэр­гээгд­дэг хямд цахилгаанаар  гэр орны  дулааны асуудлыг шийдэж утаа угаараа арилгаж болно. Нөгөө талаас Киотогийн протоколын дагуу хүлэмжийн хийн олон улсын арилжаанд оролцож нэмэлт орлого олох, хүний буруутай үйлдлээс үүд­сэн  СО2-ыг  бууруулах олон улсын өмнө хүлээсэн үүргээ  дав­хар биелүүлэх  боломж  нээж  өгнө.

УЦС-ын далангаар буй болдог усан сан бол үер усны аюул болон хуурайшилт цөлжилт, ган гачиг болон гал түймрийн аюулаас хам­гаалах үүргийг баталгаатай гүй­цэтгэдэг байна. Энэ бүхэн бол манайд байнга тохиодог байга­лийн үзэгдэл билээ.

Усны эрчим хүчээрээ дэлхийд тэргүүлдэг урд хойд хоёр хөршийн­хөө туршлагаар манай улс УЦС-тай болсноор эрчим хүчний сис­те­мийн­хээ зохистой бүтцийг бүр­дүүлж,  улсын аваарын нөөц болон оргил ачаалал хаах өөрийн гэсэн хүч чадалтай болж, гадаадад тү­рээс төлж хадгалуулан, оргил ачааллын цахилгааныг 40-өөд жил импортоор авч байгааг орлуулан, валют хэмнэх ихээхэн үр ашигтай байхыг харуулсан сайхан үлгэр жишээ хажууд бүр бидний дэргэд маань байна. Түүнээс гадна УЦС-ууд байгалийн сайханд баригдсан байдаг учраас олон улсын аялал жуулчлалийн объект болж үл үзэг­дэх экспорт гэгддэг эко-туризмийн үүрэг гүйцэтгэн   нэмэлт орлого оруулах боломжийг өөртөө агуулж байдгийг гадаад орнуудад өр­гөнөөр ашигладаг байна.  Олон улсын аялал жуулчлал сайн хөг­жиж байгаа манайд яагаад болох­гүй гэж. УЦС-ын усан сангаас усалгаатай тариалан хөгжүүлэн га-гаас авах ургацыг 3-4 дахин нэмэг­дүүлж болдог нь газар тариаланг байгаль цаг уурын хараат байд­лаас гарган улс орны хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах боломж олгодог нь манайд ч бас маш хэрэгтэй  туршлага байна. Ингээд тоочоод байвал олон.

-Гадаадад эрчим хүчний хөгж­лийн бодлогоос агаарын бохирдол хамаарна гэж үздэг гэсэн. Улаанбаатарын утааг арилгах боломжийн талаар та юу хэлэхсэн бол?

-Би дээр бараг хариулсан даа. УЦС бол дэлхийн  сэргээгдэх эр­чим хүчний  90 гаруй хувийг дан­гаараа ханган тэргүүлдэг цэвэр эрчим хүч учраас Монгол улс бараг хөндөгдөөгүй байгаа усны эрчим хүчний баялаг нөөцөө эдийн зас­гийн эргэлтэд оруулан 100 жилийн хоцрогдлоосоо зургаан жилийн дотор гарах бүрэн боломжтой. Тухайл­бал, Сэлэнгэ мөрөн дээр томоохон каскад (цуваа) УЦС-ууд барих замаар утаагаа арилгаж нийс­лэлийн­хээ нэг сая гаруй  ор­шин суугч­дын эрүүл мэндийг эрсд­лээс гаргах учиртай гэж үзэж байна. Эцэст нь танай сониноор дамжуу­лан  1970 оноос өөрсдийн мэр­гэжил­дээ тууштай эзэн болж, Мон­голдоо усны эрчим хүчний үйлд­вэрлэлийг хөгжүүлэхийн төлөө салбартаа тогтвортой санаач­лагатай тасралтгүй  ажиллан зүт­гэж байдаг хэдэн инженерүүдийг, тухайлбал, Т.Ганболд, Б.Очиржав, П.Баатар нар болон тэдэнтэй хамтран зүтгэсэн хүмүүсийг энд зориуд онцлон дурдаж 1990 оноос хойш босгосон Эрчмийн салбарын томоохон бүтээн байгуулалт бол­сон 12 МВт-ын Дөргөний УЦС, 11 МВт-ын Тайширын УЦС-ыг барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ,  Сэлэнгийн УЦС, Эгийн голын УЦС, Орхоны УЦС гээд 20 -иод УЦС-ын төслийн санал дэвшүүлсэн оюуны хөдөлмөр зүтгэлийг нь Төр засгаас зохих ёсоор  үнэлэх учиртай болов уу гэдгийг хэлэх  байна.

Д.ЦОЛМОН

Эх сурвалж: www.dailynews.mn



start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title