Чанарын хяналтын олон улсын стандарт 1

Аудит, Санхүүгийн түүхэн мэдээллийн шалгалт болон бусад баталгаажуулалт, холбогдох гэрээт үйлчилгээг гүйцэтгэдэг пүүсийн чанарын хяналт
Энэхүү стандарт нь чанарын хяналтын талаар аудитын компаний зүгээс хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон.
Аливаа аудитын компаний ба боловсон хүчний түвшинд мэргэжлийн стандарт, хууль эрх зүйн шаардлагыг мөрдөж байгаагаа болон гаргасан тайлан нь тухайн нөхцөл байдалд тохирсон гэдгээ үндэслэлтэй баталгаагаар хангахад зориулагдсан чанарын хяналтын тогтолцоог бий болгосон байвал зохино.

Чанарын хяналтын олон улсын стандартад зааснаар аудитын компаниуд өөрсдийн бүртгэл, аудитын үйл ажиллагаандаа чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлсэн байх ёстой. Энэхүү бий болгосон чанарын хяналтын тогтолцоо нь гэрээний дагуу түншид үзүүлсэн аудит, санхүүгийн түүхэн мэдээллийн шалгалт, баталгаажуулалт болон бусад үйлчилгээг зүй ёсоор бүрэн хийж гүйцэтгэсэн болохын баталгаа болно. Тиймээс олон нийтийн ашиг сонирхлын улмаас уг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж болох юм.
Энэхүү стандарт 2006 оны 6 сарын 15 өдрөөс эхлэн ашиглагдаж эхэлсэн болно.
Чанарын хяналтын тогтолцоо (System of quality control)
Аудиторууд мэргэжлийн стандартыг мөрдөн ажиллах асуудлыг аудитын компаниуд хариуцна. Иймд нөгөө талаас чанарын хяналтын тогтолцоо нь аудитын компанийн ажилтан, албан хаагчид, аудиторууд мэргэжлийн стандарт, компанийн чанарын хяналтын дүрэм журмыг мөрдөж байгааг баталгаажуулах цогц үйл ажиллагаа юм.
Аудитын компани бүр үйл ажиллагааны цар хүрээ, зохион байгуулалт, албан хаагчдын тоо мэдлэг чадвар, туршлага, боловсон хүчний бодлогоороо өөрийн гэсэн онцлогтой, харилцан адилгүй байдаг тул чанарын хяналтын бодлого, горим нь ялгаатай байж болно. Гэхдээ чанарын хяналтын тогтолцооны зорилго нь ижил байдаг.

Чанарын хяналтын тогтолцооны элементүүд
Чанарын хяналтын бодлого, горим нь дараах элементүүдээс бүрдэнэ. Үүнд:
a) Аудитын компанийн хүлээх хариуцлага;
б) Ёс зүйн шаардлага;
в) Үйлчлүүлэгчтэй тогтоосон харилцаа холбоо ба аудитын гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх, үргэлжлүүлэх;
г) Боловсон хүчний менежмент;
д) Гэрээт ажлын гүйцэтгэл;
е) Мониторинг.
Чанарын хяналтын дээрх элементүүд нь хоорондоо харилцан уялдаатай байдаг. Тухайлбал: “аудитын компанийн хүлээх хариуцлага” нь мэргэжлийн ёс зүйтэй холбоотойгоор тодорхойлогддог. Мөн компанийн “боловсон хүчний менежмент”-д ажилтан албан хаагчдыг ажилд авах, халах, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх, гэрээт ажилд томилох гэх зэрэг асуудлууд багтах ба энэ нь “гэрээт ажлын гүйцэтгэл” гэсэн асуудалд нөлөөлдөг. Үүний нэгэн адил “мониторинг” нь чанарын хяналтын бусад элементүүд зүй зохистой зохион байгуулагдаж, үр өгөөжтэй ажиллаж байгаа эсэхийг үнэлдэг.
Одоо эдгээр элемент тус бүрийг тайлбарлая.

Аудитын компанийн хүлээх хариуцлага
Гэрээт ажлыг гүйцэтгэхэд хамгийн чухал зүйл нь чанар гэж хүлээн зөвшөөрсөн байгууллагын дотоод соёлыг урамшуулан дэмжсэн бодлого, горимыг аудитын компани тогтоовол зохино. Уг бодлого, горимуудад чанарын хяналттай холбоотойгоор эцсийн хариуцлагыг компанийн ахлах ажилтан эсвэл удирдах зөвлөл хүлээх талаар тусгасан байна. (ЧХОУС-1 ийн 9 дэх зүйл)
Сургалт семинар,  уулзалт зохион явуулах, албан ба албан бусаар харилцан ярилцлага хийх, эрхэм зорилгодоо энэ талаар ямар нэг санаа оруулах, уриалга гаргах гэх зэрэг янз бүрийн арга замаар чанарыг дээдэлсэн байгуулагын соёл бий болговол албан хаагчид ажлаа зүй ёсоор  нь гүйцэтгэх нөхцөл бүрдэж, аудитын ажлын чанарын асуудалд анхаарал тавих болно. Аливаа байгуулагын удирдлага нь тухайн байгууллагынхаа дотоод соёлд үлэмж нөлөө үзүүлдэг тул уг асуудалд байгууллагын удирдлага хариуцлага хүлээх нь дамжиггүй юм.
Аудитын компанийн ахлах албан тушаалтан, удирдах зөвлөлөөс даалгаснаар чанарын хяналтыг хариуцаж буй аливаа нэг хүн буюу хэсэг бүлэг хүмүүс тухайн үүрэг хариуцлагыг хүлээхүйц туршлага чадвар хуримтлуулсан бөгөөд шаардагдах эрх мэдэл олгогдсон байвал зохино. (ЧХОУС-1 ийн 12 дахь зүйл)

Ёс зүйн шаардлага
Аудитын компани ёс зүйн холбогдох шаардлагуудад нийцсэн чанарын хяналтын бодлого, горимыг тогтоовол зохино. (ЧХОУС-1 ийн 14 дэх зүйл)
НБОУХ -ийн гаргасан ёс зүйн дүрэмд зааснаар мэргэжлийн ёс зүйн үндсэн зарчим нь шударга ёс, бодитой байх, мэргэжлийн ур чадвар хянамгай байдал, нууцыг хадгалах, мэргэжлийн зан төлөв зэргийг хэлнэ. Эдгээр зарчмуудыг НБОУХ-ийн гаргасан ёс зүйн дүрэмд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
Мэргэжлийн ёс зүйтэй холбоотойгоор хараат бус байдлын асуудал зайлшгүй хөндөгддөг.

Хараат бус байдал
Олон улсын чанарын хяналтын стандартад хараат бус байдлыг тусгайлан авч үзсэн байна. Хараат бус байдал нь аудитын компанийн удирдлага, ажлын түнш, үйлчлүүлэгч байгууллага төдийгүй бусад бүх л мэдээлэл хэрэглэгчдийн өмнө хүлээсэн үнэнч шударга ажиллах үүргийг хэлнэ.
Аудитын компани нь ёс зүйн талаарх НБОУХ болон үндэсний шаардлагуудад нийцэж компани, түүний ажилтан албан хаагчид, бусад этгээдийн хараат байдал хадгалагдаж байх тухай үндэслэлтэй баталгаагаар хангахад зориулагдсан чанарын хяналтын бодлого, горимыг тогтоовол зохино. Ийм бодлого горимууд нь аудитын компанид дараах эрх үүргийг хүлээлгэнэ. (ЧХОУС-1 ийн 18 дахь зүйл) Үүнд:
a) Хараат бус байдлын талаар тавигддаг шаардлагыг өөрийн ажилтан албан хаагчид болон уг шаардлагад захирагдах ёстой бусад этгээдэд мэдээлэх;
б) Хараат бус байдалд аюул учруулдаг нөхцөл байдал, хэлхээ холбоог олж тогтоох, уг аюулыг арилгах буюу эсвэл хамгаалах замаар хүлээн зөвшөөрөхүйц түвшинд хүртэл аюулыг багасгах арга хэмжээг авах, хэрэв ямар ч аргагүй бол гэрээт ажлаас татгалзах.
Хараат бус байдлын талаарх чанарын хяналтын бодлого, горимд дараах зүйл багтана. (ЧХОУС-1 ийн 19 дэх зүйл) Үүнд:
a) Хараат бус байдалд үзүүлэх нийт нөлөөг үнэлэх боломжийг олгохын тулд үйлчилгээний цар хүрээг оролцуулан аудитын үйлчлүүлэгчийн талаарх холбогдох мэдээллээр пүүсийг хангахыг гэрээт ажлын түншээс шаардах;
б) Тохиромжтой арга хэмжээ авахын тулд хараат бус байдалд учрах аюулыг үүсгэгч аливаа нөхцөл байдал, хэлхээ холбооны талаар албан хаагчид компанидаа шуурхай мэдэгдэхийг шаардах;
в) Холбогдох мэдээллийг цуглуулж, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэнээр дараах ач холбогдолтой. Үүнд:
1) аудитын компани, түүний албан хаагчдын хараат бус байх шаардлагыг хангаж байгаа эсэхийг хялбар тогтооно
2) аудитын компани хараат бус байдалтай холбогдсон мэдээллийн сан бүрдүүлж, шинэчлэх бололцоотой болно.
3) хараат бус байдалд учрах танигдаж тогтоогдсон аюулын талаар тохиромжтой арга хэмжээ авч чадна.
Хараат бус байх шаардлагыг зөрчсөн тохиолдлыг тодорхойлж, уг нөхцөл байдлыг шийдвэрлэх тохиромжтой арга хэмжээг авах бололцоог бий болгох талаар аудитын компани чанарын хяналтын бодлого, горимд тогтоовол зохино. Уг бодлого, горимд дараах зүйл багтана. (ЧХОУС-1 ийн 20 дахь зүйл) Үүнд:
a) Хараат буй байх шаардлагыг хангасан байх ёстой бүх этгээд хараат бус байдлыг зөрчсөн тохиолдлыг олж мэдвэл аудитын компанид шуурхай мэдэгдэх;
б) Эдгээр бодлого, горимыг зөрчсөн тохиолдлыг пүүс дараах этгээдэд шуурхай мэдэгдэнэ:
1) зөрчлийг хөндөж хэлэлцэх гэрээт ажлын партнер;
2) аудитын компанийн бусад холбогдох албан хаагч болон хараат бус байх шаардлагад захирагдах ёстой, холбогдох арга хэмжээ авах ёстой бусад этгээд;
в) аудитын компани нэмэлт арга хэмжээ авбал зохих эсэхийг тодорхойлох боломж олгохын тулд гэрээт ажлын партнер эсвэл (б) (2) –т дурьдсан бусад хувь хүн асуудлыг шийдэхийн тулд авсан арга хэмжээг аудитын компанид шуурхай мэдэгдэнэ.
Аудитын компани нь хараат бус байх тухай компанийн бодлого, горимыг мөрдөгдсөн талаарх бичгэн баталгааг НБОУХ-ны ёс зүйн дүрэм, үндэсний мэргэжлийн ёс зүйн шаардлагын дагуу хараат бус байх шаардлагатай бүх албан хаагчдаасаа ядаж жил тутамд хүлээн авбал зохино. (ЧХОУС-1 ийн 23 дахь зүйл)
Нэг ахлах албан тушаалтныг баталгаажуулалтын ажилд удаан хугацаагаар ашигласнаас үүсэж болох “танил талын аюул” болон ийм аюулыг авч үзэхэд тохиромжтой байж болох хамгаалалтуудыг НБОУХ-ны ёс зүйн дүрэмд хэлэлцсэн байдаг. Иймээс аудитын компани дараах бодлого, горимыг тогтоох ёстой. (ЧХОУС-1 ийн 25 дахь зүйл) Үүнд:
a) Нэг ахлах ажилтныг баталгаажуулалтын ажилд удаан хугацаагаар ажиллуулснаар үүсдэг танил талын аюулыг хүлээн зөвшөөрөхүйц түвшинд хүргэж багасгахад хэрэгтэй хамгаалалтуудыг тодорхойлох шалгууруудыг тогтоох;
б) НБОУХ-ны ёс зүйн дүрэм болон үндэсний мэргэжлийн ёс зүйн шаардлагад нийцүүлэн гэрээт ажлын партнерыг тодорхой тогтоосон хугацааны дараа сольж сэлгэхийг хувьцаат компаниудын санхүүгийн тайлангийн бүх л аудитад шаардсан байх.

Үйлчлүүлэгчтэй тогтоосон харилцаа холбоо ба аудитын гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх, үргэлжлүүлэх
Аудитын компани нь үйлчлүүлэгчтэй тогтоосон харилцаа холбоо ба аудитын гэрээт ажлыг зөвшөөрч хүлээн авах буюу үргэлжлүүлэх эсэхийг хэрхэн шийдвэрлэх асуудлаар бодлого, горим боловсруулан ажиллах нь зохистой. Уг бодлого, горимыг хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчийн шударга, найдвартай байдалд нөлөөлөх бус харин үйлчлүүлэгчийн хүлээн зөвшөөрөх, татгалзах эсэхийг шийдвэрлэх албан тушаалтанд нөлөөлөх үндсэн зорилготой юм.
Дараах тохиолдолд үйлчлүүлэгчтэй тогтоосон харилцаа холбоо ба аудитын гэрээт ажлыг зөвшөөрч хүлээн авах буюу үргэлжлүүлнэ. Үүнд:
a) Үйлчлүүлэгчийн шударга байдлыг харгалзаж үзсэн бөгөөд үйлчлүүлэгч шударга бус гэж дүгнэхэд хүргэх мэдээлэл олдоогүй байх;
б) Гэрээт ажлыг гүйцэтгэх мэдлэг чадвартай бөгөөд түүнд зарцуулах чадавхи, цаг, нөөц хүрэлцээтэй байх;
в) Ёс зүйн шаардлагуудыг мөрдөх боломжтой байх.
Аудитын компани шинэ үйлчлүүлэгчийг зөвшөөрч хүлээн авах, одоогийн гэрээт ажлыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх, одоогийн үйлчлүүлэгчид шинэ гэрээт үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөхийн өмнө тухайн нөхцөл байдалд шаардлагатай гэж үзэж буй мэдээллийг олж цуглуулбал зохино. Энэхүү мэдээллийг аудитын компани цуглуулаад гэрээт ажил, үйлчлүүлэгчтэй тогтоосон харилцаагаа зөвшөөрөх буюу үргэлжлүүлэхээр шийдсэн тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ баримтжуулах нь зүйтэй. (ЧХОУС-1 ийн 28 дахь зүйл)
Үйлчлүүлэгчийн шударга байдлыг тогтоохдоо үйлчлүүлэгчийн бизнесийн нэр хүнд, үйл ажиллагааны мөн чанар, холбогдох мэдээллийг тодорхойлж гэрээт ажлын хөлсийг аль болох бага байлгах бодлого барьж буй эсэх, ажлын цар хүрээний хязгаарлалт үзүүлэх эсэх, мөнгө угаах буюу гэмт хэргийн шинжтэй зүйлд хутгалдсан эсэх танай компанид хандах болсон болон хуучин аудитын компаниас татгалзах болсон шалтгаан зэргийг тус тус үнэлнэ.
Аудитын компани гэрээт ажлыг гүйцэтгэх боломжтой эсэхээ тогтоохдоо албан хаагчдын хувьд тухайн салбарт буюу тухайн асуудлаар ямар нэгэн мэдлэгтэй эсэх болон холбогдох зохицуулалтын буюу тайлагналын шаардлагыг хангахуйц туршлагатай эсэх, компанийн зүгээс хангалттай хүчин чадал, мэдлэг хүрэлцэх эсэх, шаардлагатай шинжээчид бэлэн байгаа эсэх, гэрээт ажлын чанарын хяналтын шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шалгуурыг хүмүүс хангаж байгаа эсэх, гэрээт ажлыг хугацаанд нь багтааж дуусгах боломжтой эсэхийг тус тус харгалзана.
Арай эрт олж авсан бол гэрээт ажлаас татгалзахад хүргэхээр мэдээлэл аудитын компанид олдвол гэрээт ажил болон үйлчлүүлэгчтэй тогтоосон харилцаа холбоогоо үргэлжлүүлэхдээ дараах зүйлийг харгалзана. (ЧХОУС-1 ийн 34 дэх зүйл) Үүнд:
a) Тухайн нөхцөл байдалд хамаарах мэргэжлийн ба хууль зүйн хариуцлага, түүний дотор ажил үүргийг томилсон нэг хүн буюу хэсэг бүлэг хүмүүс, зохицуулагч байгууллагад хандах үүрэгтэй эсэх;
б) Зөвхөн гэрээт ажлыг зогсоох эсвэл гэрээт ажил болон үйлчлүүлэгчтэй тогтоосон харилцаанаасаа нэгэн зэрэг татгалзах боломж.

Боловсон хүчний менежмент
Аудитын компанийн чанарын хяналтын тогтолцоо нь ажил албан хаагчдаас  үлэмж шалтгаалах нь дамжиггүй.
Аудитын компани байгууллагын ба боловсон хүчний түвшинд мэргэжлийн стандарт, хууль эрх зүйн шаардлагыг мөрдөж байгаагаа болон гаргасан тайлан нь тухайн нөхцөл байдалд тохирсон гэдгийг үндэслэлтэй баталгаагаар хангахад зориулагдсан бодлого, горимыг тогтоовол зохино. (ЧХОУС-1 ийн 36 дахь зүйл)
Компанийн боловсон хүчний талаарх уг бодлого, горим нь ажилчдыг ажилд авах, гүйцэтгэлийг үнэлэх, албан тушаал ахиулах, урамшуулах, нөхөн төлбөр олгох, тавигдах мэдлэг чадвар бусад шаардлага зэрэг асуудлыг хамарна.
Мэргэшүүлэх, тасралтгүй боловсрол олгох, сургалтад хамруулах, ажлын туршлага хуримтлуулах, туршлагатай албан хаагчтай хамтран ажиллуулах гэх зэрэг олон арга замаар албан хаагчдын мэдлэг, чадварыг хөгжүүлэх боломжтой байдаг.
Гэхдээ аудитын компанийн хэмжээ, онцлог нөхцөл байдлаас шалтгаалан боловсон хүчний бодлого харилцан адилгүй байж болно. Тухайлбал: жижиг компаниуд албан хаагчдынхаа ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэхдээ илүү албан ёсны бус арга замуудыг ашигладаг.
Мөн түүнчлэн албан хаагчдыг аливаа гэрээт ажилд томилохдоо анхаарах хэрэгтэй.

Гэрээт ажлын багийг томилох нь
Аудитын компани гэрээт ажил тус бүрийн хувьд ажлын партнерт хүлээх хариуцлагыг тогтоовол зохино. Үүнтэй холбоотойгоор дараах бодлого, горимыг боловсруулна. (ЧХОУС-1 ийн 42 дахь зүйл) Үүнд:
a) Гэрээт ажлын партнерын хувийн мэдээлэл, гүйцэтгэх үүргийг үйлчлүүлэгчийн гүйцэтгэх болон засаглах удирдлагад мэдэгдэх;
б) Гэрээт ажлын партнер нь үүргээ гүйцэтгэхэд тохирохуйц чадвар, мэдлэг, эрх мэдэл, цаг завтай байх;
в) Гэрээт ажлын партнерын хүлээх хариуцлагыг ойлгомжтой тодорхойлж, өөрт нь мэдэгдсэн байх.
Аудитын компани нь тухайн нөхцөл байдалд тохирсон тайлан гаргах боломжийг олгох, мэргэжлийн стандарт, хууль эрх зүйн шаардлагын дагуу гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай чадвар, мэдлэг, цаг зав бүхий ажилтанг томилон ажиллуулна. (ЧХОУС-1 ийн 44 дэх зүйл)

Гэрээт ажлын гүйцэтгэл
Мэргэжлийн стандарт, хууль эрх зүйн шаардлага, аудитын компанийн чанарын хяналтын стандартад нийцүүлэн гэрээт ажлыг гүйцэтгэж байгааг батлах бодлого, горимыг аудитын компани тогтоовол зохино.
Гэрээт ажлын гүйцэтгэлийн талаарх бодлого, горим нь гэрээт ажлыг төлөвлөж, гүйцэтгэх, хянах, шалгах, баримтжуулах, мэдээлэх гэх зэрэг ажлын бүх л үе шатыг хамарна.
Уг бодлого, горимын дагуу аудитын компани ажлын гүйцэтгэлийн чанарын талаар тогтвортой арга хэмжээ авах шаардлага гарна. Үүнд гэрээт ажлын баг зорилгоо хэрхэн тодорхойлсон, холбогдох стандартад нийцэж ажиллах үйл явц, гэрээт ажлын шалгалт, ажилтнуудын мэдлэг дээшлүүлэлт, гүйцэтгэсэн ажлыг хянан шалгах арга замууд, хяналт шалгалтын хугацаа, цар хүрээ, гаргасан тайланд өгөх шүүмж, гүйцэтгэсэн ажлын баримтжуулалт, өнөөгийн бүх горим, бодлогыг хадгалан үлдэх үйл явц зэрэг багтана.

Зөвлөлдөх
Аудитын компани урьдчилан төлөвлөөгүй, ихээхэн нүсэр, өмнө тохиолдож байгаагүй зүйл тулгарвал албан хаагчид хоорондоо болон компаниас гадуур хүмүүстэй харилцан зөвлөлдөх замаар ажиллах талаар бодлого, горим тогтоох нь зүйтэй. Асуудлыг зөвлөлдөхдөө дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
a) Хүнд хэцүү буюу маргаантай асуудлуудыг тохиромжтойгоор зөвлөлдөх;
б) Зөвлөлдөх боломжийг олгоход шаардлагатай нөөцийг бэлэн байлгах;
в) Зөвлөлгөөний шинж чанар, хамрах хүрээг баримтжуулах;
г) Зөвлөлдсөний үр дүнд хүрсэн дүгнэлт, саналыг баримтжуулж, хэрэгжүүлсэн байх.
Ийнхүү зөвлөлдөх шаардлага гарсан бол тухайн зөвлөлдөх этгээд нь зохих мэдлэг, чадвар, дүн шинжилгээ хийх ур дүй, эрх мэдэл бүхий этгээд байвал зохино. Асуудлыг зөвлөлдөх этгээд нь бусад аудитын компани, мэргэжлийн болон зохицуулалтын байгууллага, чанарын хяналтын үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллага гэх мэт гадны хөндлөнгийн байгууллага байж бас болно. Зөвлөлдөх асуудлын мөн чанар нь аудитын компанийн хэмжээ, ажил гүйцэтгэж буй хүмүүсийн мэдлэг, чадвар, дүн шинжилгээ хийх ур дүй гэх мэт олон зүйлсээс шалтгаална. Мөн үүний зэрэгцээ зөвлөлдөөнийг баримтжуулахдаа хэлэлцсэн асуудал, хүрсэн үр дүн, гаргасан шийдвэрийн үндэслэл, түүнийг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй заасан байвал зохино.

Саналын зөрүү
Гэрээт ажлын дотоод дахь болон гэрээт ажлын партнер, ажлын чанарын хяналтын шалгагч нарын хооронд үүссэн саналын зөрүүг авч үзэж, шийдвэрлэх бодлого, горимыг аудитын компани тогтоовол зохино. Тэдний санал зөрөлдөөнийг хэлэлцсэний эцэст хүрсэн үр дүн нь баримтжуулагдаж, хэрэгжсэн байвал зүйтэй. Харин санал зөрөлдөөн хараахан шийдвэрлэгдээгүй гэж үзвэл аудиторын дүгнэлтийг эцэслэн гаргаж болохгүй.

Аудитын гэрээт ажлын чанарын хяналтын шалгалт
Гэрээт ажлын багийн гаргасан чухал шийдэл, тайлан гаргахад хүргэсэн санал дүгнэлтэд бодитой үнэлгээ хийж чадах чанарын хяналтын шалгалтын талаар бодлого, горимыг гэрээт ажилд тохиромжтойгоор аудитын компани тогтоовол зохино. Уг бодлого, горим нь дараах шаардлагыг тавина. (ЧХОУС-1 ийн 60 дахь зүйл)Үүнд:
a) хувьцаат компаниудын санхүүгийн тайлангийн бүх аудитыг гэрээт ажлын чанарын хяналтын шалгалтад хамруулахыг шаардана;
б) гэрээт ажилд чанарын хяналтын шалгалт хийх шаардлагатай эсэхийг тодорхойлохын тулд бусад бүх аудит, санхүүгийн түүхэн мэдээллийн шалгалт, бусад баталгаажуулалт, холбогдох үйлчилгээнд үнэлэлт өгөх шалгууруудыг тогтооно;
в) өмнөх (б) зүйлд нийцүүлэн тогтоосон шалгуурыг хангаж буй бүх гэрээт ажилд чанарын хяналтын шалгалт хийхийг шаардана.
Тайланг гаргахаас өмнө гэрээт ажлын чанарын хяналтын шалгалтыг хийж дууссан байх талаар бодлого, горимдоо тусгавал зохино. (ЧХОУС-1 ийн 61 дэх зүйл)
Дараах шаргуурыг харгалзан үзэж хувьцаат компанийн санхүүгийн тайлангийн аудитаас бусад гэрээт ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
•    Гэрээт ажлын мөн чанар
•    Гэрээт ажилтай холбоотой ердийн бус зүйлс буюу эрсдлийг тодорхойлох
•    Гэрээт ажлын чанарын хяналтын шалгалтыг хийхийг шаардах хуулийн болон зохицуулалтын дүрэм журам байдаг эсэх
Аудитын компани дараах асуудлаар бодлого, горим тогтоосон байвал зохино. (ЧХОУС-1 ийн 63 дахь зүйл) Үүнд:
a) Гэрээт ажлын чанарын хяналтын шалгалтын шинж чанар, хугацаа, цар хүрээ;
б) Гэрээт ажлын чанарын хяналтын шалгагч нарын эрхийн шалгуурууд;
в) Гэрээт ажлын чанарын хяналтын шалгалтын баримтжуулалтад тавигдах шаардлагууд.
Гэрээт ажлын чанарын хяналтын шалгалт нь цар хүрээний хувьд гэрээт ажлын онцлог, түүнтэй холбоотойгоор үүсэх эрсдлээс шалтгаалан  гаргасан дүгнэлт тайлан нь тухайн нөхцөл байдалд тохирсон эсэх талаар гэрээт ажлын партнертай хэлэлцэх, гэрээт ажлын багийн бүрдүүлсэн ажлын баримтыг шалгах, хүрсэн санал дүгнэлтийг нягтлах гэх мэт янз бүрийн хүрээг хамарч болно. Аудитын гэрээт ажлын чанарын хяналтын шалгалт нь гэрээт ажлыг гүйцэтгэх явцад хийгдэж, шалгагчийн илрүүлж, зөвлөмж өгсөн асуудлыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэж дууссаны дараа л дүгнэлт тайланг эцэслэн гаргах бололцоо бүрдэнэ.
Гэрээт ажлын чанарын хяналтын шалгагч нарыг томилохдоо дараах шалгуурыг харгалзана. Үүнд:
a) ажлын туршлага, эрх мэдэл гэх зэрэг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай чадварууд;
б) ажлын чанарын хяналтын шалгагчийн бодитой хандлагыг алдагдуулалгүйгээр гэрээт ажлын талаар зөвлөлдөж чаддаг байх.
Гэрээт ажлын чанарын хяналтын шалгалтыг дараах чиглэлээр баримтжуулбал зохино. Үүнд:
a) Аудитын компанийн чанарын хяналтын шалгалтын бодлогод заасны улмаас хэрэгжүүлсэн горимууд;
б) Тайлан гаргахаас өмнө чанарын хяналтын шалгалтыг гүйцэтгэж дуусгасан болохыг;
в) Ажлын багийн гаргасан шийдэл, хүрсэн санал дүгнэлт тохиромжтой бус гэж итгэхэд хүргэх аливаа шийдэгдээгүй асуудлыг шалгагч олж мэдээгүй болохыг.
Гэрээт ажлын тайланг эцэслэн дуусгасны дараа холбогдох материалуудыг цаг хугацааны гэх мэт тодорхой дэс дарааллаар, гэрээт ажил тус бүрээр  нэгтгэх нь зүйтэй. Гэрээт ажлын баримтжуулалт нь нууцлалыг хангасан, хадгалалт хамгаалалтын хувьд аюулгүй, эмх цэгцтэй, оновчтой хийгдсэн байвал зохино. Баримтжуулалтын хамрах хүрээ нь хууль, зохицуулалтын болон аудитын компанийн тогтоосон шаардлагад нийцсэн байвал тохиромжтой.

Хяналт шинжилгээ (Monitoring)
Дээрх тодорхойлогдсон чанарын хяналтын бодлого, горимууд нь тус бүрдээ зүй зохистой, үр дүнтэй ажиллаж, практикт мөрдөгдөх тухай бодлого, горимыг аудитын компани тогтооно. Уг бодлого, горим нь хяналт шинжилгээг тусгасан байна. (ЧХОУС-1 ийн 74 дэх зүйл)
Хяналт шинжилгээ нь дууссан гэрээт ажлаас сонгож үечилсэн шалгалт хийх зэргээр аудитын компанийн чанарын хяналтын тогтолцоог үнэлж, уг тогтолцоо хэр үр өгөөжтэй ажиллаж байгаа талаар зохистой баталгаа бий болгох үйл явцыг хэлнэ.
Хяналт шинжилгээгээр аудитын компанийн тогтоосон бодлого, горим, ашиглаж буй удирдамж тохиромжтой эсэх, мэргэжлийн үйл ажиллагааны үр өгөөж, бодлого, горимыг мөрдөж буй байдал зэрэг асуудлуудыг авч үзэж, үнэлнэ.
Хяналт шинжилгээний үр дүнд тогтоогдсон дутагдлуудад пүүс үнэлгээ өгч, энэ нь дараах нөхцөл байдлын аль нь болохыг тодорхойлбол зохино. Үүнд:
a) пүүсийн чанарын хяналтын тогтолцоо нь мэргэжлийн стандарт, хуулийн болон зохицуулалтын шаардлагад мөрдөж, тухайн нөхцөл байдалд тохирсон тайлан гаргасан болохыг батлахад хангалттай биш эсэхтэй хамааралгүй нөхцөл байдал;
б) шуурхай засаж залруулах арга хэмжээ авах шаардлагатай системтэй, давтагдсан болон бусад ноцтой дутагдлууд.
Аудитын компани нь хяналт шинжилгээний үр дүнд ажиглагдсан дутагдлыг ажлын түнш, бусад холбогдох ажилтнуудад мэдэгдэж, засаж залруулах зөвлөмж өгвөл зохино. Уг зөвлөмж нь янз бүрийн чиглэлээр байж болно.  Тухайлбал:
a) тухайн гэрээт ажил буюу ажилтантай холбогдуулан засаж залруулах арга хэмжээ авах;
б) олж илрүүлсэн зүйлийг сургалт, хүний нөөцийн хөгжил хариуцсан ажилтанд мэдээлэх;
в) чанарын хяналтын бодлого, горимд өөрчлөлт оруулах;
г) пүүсийн бодлого, горимыг зөрчсөн хүмүүст, ялангуяа давтан зөрчсөн хүмүүст сахилгын арга хэмжээ авах.
Хяналт шинжилгээний горимын үр дүн нь тохиромжгүй дүгнэлт тайлан гаргасан буюу гэрээт ажлыг гүйцэтгэхдээ зарим горимыг орхигдуулсныг илтгэн харуулж байвал мэргэжлийн стандарт, хууль зохицуулалтын шаардлагад нийцүүлэх арга хэмжээг тодорхойлбол зохино.
Аудитын компани дор хаяж жилд нэг удаа чанарын хяналтын тогтолцоонд хяналт шинжилгээ хийсэн үр дүнгээ ажлын түнш, компанийн болон бусад холбогдох ажилтнууд, ахлах албан тушаалтан эсвэл удирдах зөвлөлд мэдээлэх нь зүйтэй. Ийнхүү мэдээлснээр тогтоосон үүрэг хариуцлагын дагуу тохиромжтой арга хэмжээ шуурхай авах боломжийг олгож байвал зохино. Өгч буй мэдээлэл нь дараах дараах зүйлсийг агуулсан байна. Үүнд:
a)  гүйцэтгэсэн хяналт шинжилгээний горим;
б) хяналт шинжилгээний горимоос гаргасан дүгнэлт;
в) системтэй, давтагдсан болон бусад ноцтой дутагдлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам

Гомдол, мэдэгдэл
Аудитын компани зохих шаардлагыг мөрдөөгүй гэсэн гомдол, мэдэгдэл болон чанарын хяналтын тогтолцоонд нийцээгүй талаарх мэдэгдлийг шийдэх бодлого, горимыг тогтоосон байвал зохино.
Гомдол, мэдэгдлийг компанийн албан хаагчид, ажлын партнер болон гадны гуравдагч этгээд ч гаргаж болно. Гаргасан гомдол, мэдэгдлийг аудитын компаний судалж үзээд, тохирох арга хэмжээг авах нь зүйтэй.

Баримтжуулалт
Аудитын компани чанарын хяналтын тогтолцооны элементүүд тус бүрийн ажиллагааг нотлох баримтжуулалтыг хийх нь зохистой. Баримтжуулалтыг байгууллагын онцлогоос шалтгаалан мэдээллийн сан, тэмдэглэл, жагсаалт гэх мэтээр янз бүрийн хэлбэрээр хийж болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title