Шадар сайд Д.Тэрбишдагва мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа Монгол Улсын Их хурлын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаатай энэ сарын 08-ны өдөр биечлэн танилцав. Шадар сайд удирдах ажилтнуудтай уулзаж, Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт албан хаагчдын ажилд амжилт хүслээ. Шадар сайд Нэгдсэн төв лабораторийн үйл ажиллагаа болон Нэгдсэн төв лабораторийн шинэ барилгын ажилтай танилцсан юм. Мөн Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж, Буянт-Ухаа боомтын хилийн бүс дэх хяналтын цэгүүд, ажлын болон тусгаарлах байр, ажил гүйцэтгэх явцтай танилцжээ. Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд тусгайлсан чиг үүрэг хүлээсэн төрийн захиргааны байгууллага мөн. Мэргэжлийн хяналтын байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын алба, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчдаас бүрдсэн, нэгдмэл, төвлөрсөн удирдлагын тогтолцоог ханган ажиллаж иржээ. Тус байгууллага нь хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хүнсний, эрүүл мэндийн, байгаль орчны, хөдөлмөрийн, хилийн, дэд бүтцийн гэх мэт нийт 24 салбар, чиглэлийн үйлдвэрлэл, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж, холбогдох хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавин ажилладаг. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын нийгмийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа бөгөөд ямарч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бизнес эрхлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах, стандартын шаардлага хангасан, чанартай ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн хэрэглэх эрхээ эдлэхийн тулд хамгийн түрүүнд Мэргэжлийн хяналтын байгууллагад ханддаг болжээ. Өөрөөр хэлбэл иргэд, бизнес эрхлэгчидийн мэргэжлийн хяналт шалгалтын талаарх хандлага өөрчлөгдөж, аль болохоор хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчдаас эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгааг авч өөрийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, стандартын хангалтыг сайжруулан зах зээлд өрсөлдөх эерэг сэтгэл зүй төлөвшиж байна. Өнгөрөгч 2011 онд Мэргэжлийн хяналтын системийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтаас гадна аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 34480 албан бичиг, 9819 өргөдөл ирүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1286 шууд утсанд 536 иргэн хандаж, нийт 44835 субьект өөрт тулгамдсан асуудлаа тавьж шийдвэрлүүлсэн тоо бий. Монгол Улсын Их Хурлын “Төрийн захиргааны нэгдсэн тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2002 оны 58 дугаар тогтоол, Засгийн газрын “Тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” 2002 оны 162 дугаар тоот тогтоолоор яамдын харъяанд үйл ажиллагаа явуулж байсан захиргааны хяналтын 13 алба, нэгжийг нэгтгэн Улсын мэргэжлийн хяналтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд байгуулснаар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болсон. МХЕГ-т ажилласан Шадар сайд Д.Тэрбишдагваас зарим зүйлийг тодрууллаа. -МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцаад ямар дүгнэлт өгөв? -Өнгөрсөн бямба гаригт Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцан, удирдлагуудтай санал бодлоо солилцож, тодорхой үүрэг чиглэл өглөө. Энэ байгууллагын үйл ажиллагаатай танилцаж хариуцлагын асуудлыг чухалчиллаа. Мөн Нэгдсэн төв лаборатори болон шинэ лабораторийн барилгын ажилтай танилцсан. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын үйл ажиллагаатай танилцсанаар тодорхой зүйлүүдийг шийдвэрлэх шаардлагатайг олж харж байна. Буянт-Ухаа боомтын үйл ажиллагаа, хийж байгаа ажил, илрүүлсэн зүйлээс харахад ажилдаа хариуцлагатай хандаж, ажлаа сайн хийж байгаа дүр зураг мэдрэгдэж байна. Ажил сайжруулах олон боломж бий. Шинээр хийж бүтээх,ажлаа сайжруулах зүйл ч байна. Тоног төхөөрөмжийн асуудал, ажиллах нөхцлийн асуудал бас байна. Газар дээр нь очиж нэг бүрчлэн хүмүүстэй уулзсан нь үр дүнгээ өгчлөө. -Шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан ямар асуудал байна вэ? -Шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Төв лабораторийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Мөн шинэ лабораторийн барилга ирэх арван хоёрдугаар сард ашиглалтанд орох юм байна. Лаборатори ашиглалтанд орсноор шинжилгээг өндөр түвшинд гаргаж ирэх юм. Мөн цаашлаад лабораторийн сүлжээ байгуулахаас эхлээд хийх ажил их байна. Мэргэжлийн хяналтын байгууллага бол хууль хэрэгжүүлдэг байгууллагад хяналт тавьж, Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт хийж, улс орны өмнө хариуцлага тогтоодог. Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрийг албан тушаалтан, аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэх ёстой. Байцаагч нарын гаргасан шийдвэрийг ямар нэгэн эрхтэн дархтны нөлөөгөөр хэрэгжүүлдэггүй тохиолдол их байна. Дүгнэлтийг хэрэгжүүлдэггүй албан тушаалтан, аж ахуй нэгжүүдийн нэрсийг гаргаж зарлана. Шаардлагатай бол хууль, шүүхийн байгууллагад хандана. Бидний хувьд хууль бүх хүний өмнө адилхан үйлчилдэг байх ёстой. Мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан шийдвэрийг хэсэг хүмүүс хэрэгжүүлж, бас нэг хэсэг нь хэрэгжүүлдэггүй байж болохгүй. -Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоогоор үйл ажиллагаа явуулаад 10 жил болжээ. Хөндлөнгийн хяналт хэмээх томоохон дэвшлийг авчирсан нь салбар бүрийн үйл ажиллагааг хянах эх суурь болсон. Энэ байгууллагын талаар олон үзэл бодол байна. Та байр сууриа илэрхийлнэ үү? -Дэлхий дээр манайх шиг эрх чөлөөтэй орон байхгүй. Эрх чөлөөний хажуугаар бид хуулийг хэрэгжүүлдэг байх ёстой. Өнөөдөр албан хаагчдын үгийг сонсож байхад хариуцлага, сахилга бат хууль хэрэгжилт манай оронд туйлийн хангалтгүй байна. Ардчилсан нийгмийн хамгийн чухал зүйл бол хууль юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн тогтолцоог олон хүн шүүмжлээд байгаа. Нэг талаас бид шүүмжлэлийг хүлээж авна. Шүүмжлэл байна гэдэг ажлаа хийж байгаагийн илрэл. 2002 онд Нэгдсэн тогтолцоонд шилжих талаар тогтоол гарч байсныг би тодхон санаж байна. Адилхан эрх дархтай яамд асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсаар 2002 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн тогтолцоог бий болгож байсан. Үүнээс хойш ихээхэн дэвшил гарсан байна. Тиймээс нэгэнт тогтсон системийг бид задлая гэсэн бодол байхгүй. Мэдээж ажил сайжруулах хэрэгтэй. Мэргэжлийн өндөр түвшинд зарим газрын харьяаллыг өөрчлөх, олон намын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйл байгааг үгүйсгэхгүй. Бүтэц зохион байгуулалт тодорхой хэмжээгээр хадгалагдаж явна. М.Жаргал
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title