МАН-ын захиалсан “бантан”
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ сарын 19-нд болох Говь-Алтай аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн зардлыг батлах эсэхийг хэлэлцэж, УИХ-ын гишүүд нэлээд маргаан дэгдээв. Говь-Алтай аймгийн сонгуулийн хорооноос “Нөхөн сонгуулийг зохион байгуулах зардалд улсын төсвөөс 164 сая төгрөг шаардлагатай” гэсэн тооцоог Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн.

Харин энэхүү мөнгөн дүнг нь Сонгуулийн ерөнхий хорооныхон 32 сая төгрөг болгон танаж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулж ирсэн нь энэ байлаа.

Улсын төсвөөс гаргаагүй үлдсэн мөнгийг нь орон нутгийн төсвөөс гаргах үүргийг Сонгуулийн ерөнхий хорооноос Говь-Алтай аймгийн сонгуулийн хороонд хүргүүлжээ.

Уг нь нөхөн сонгуулийн зардал болох 32 сая төгрөгийн асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д оруулахгүйгээр бие даан шийдэх эрхтэй байсан. Гэсэн ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын гишүүдийг цаг орчим маргалдуулж, хуучин, шинээр нь талцуулсны цаана УИХ дахь Ардын намын бүлгийнхэн байсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэзээ хойно хэлсэн юм.

Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын “Энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцэх шаардлага байсан юм уу. Сонгуулийн ерөнхий хороо бие даагаад төсвийг нь шийдэх боломж байгаагүй юм уу” гэсэн  асуултад “УИХ дахь Ардын намын бүлгээс нөхөн сонгуулийн зардлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэдэг шаардлага тавьсан. Бид үүний дагуу УИХ-ын даргад энэ талаар уламжлахад “УИХ-аар хэлэлцүүлж болох юм” гэсэн хариултыг өгсөн.

Тэр дагуу нөхөн сонгуулийн зардлыг УИХ-д уламжилсан. Уг нь Сонгуулийн ерөнхий хороо өөрийнхөө эрх хэмжээнд нөхөн сонгуулийн зардлыг шийдээд явах бүрэн боломжтой. Гагцхүү байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хороо зардлаа шийд гэх үүргийг тогтоолоор өгөх ёстой” гэж хариулсан юм.

Ийм хариулт сонссон УИХ-ын гишүүд нэг цаг гаруй энэ асуудлыг хэлэлцэж, маргалдсандаа харамсаж “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн юм. Үүнээс өмнө УИХ-ын гишүүд энэ асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

Ц.Дашдорж: Ч.САЙХАНБИЛЭГ ХОЛИОН БАНТАН ХУТГАСАН

Орон нутагт холион бантан болоод байгаа нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нартай холбоотой. Учир нь Улсын дээд шүүхээс ИТХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, аймагт дахин сонгууль явуулахыг хөндсөн тогтоол гарсан.

Шүүхийн шийдвэр гарсан учраас тодорхой төвшинд хуучин буюу 2008 оны ИТХ-ын бүрэн эрхийг сэргээх  ёстой гэж үзэж, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг албан бичиг явуулсан.

Мөн үүний дараа шинэ ИТХ-ын 18 төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлээд явах бүрэн бололцоотой гэсэн Ч.Сайханбилэг даргын албан бичгийн эсрэг агуулгатай бичгийг А.Бакей дарга явуулж, орон нутагт нөхцөл байдлыг хоёрдмол утгатай, холион бантан болгосон.

Үүнээс үүдэж гарах цаашдын хор хохирлыг хэн хүлээх. Хуучин ИТХ хуралдаж шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл мөн биш эсэхийг одоо болтол ойлгохгүй байна

Ч.Сайханбилэг: ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ


Говь-Алтай аймгийн сонгуулийн хорооноос нөхөн сонгууль явуулах тухай шүүхийн шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэх үед би гадаадад томилолттой байсан.

Миний өмнөөс манай дэд дарга Ч.Сайнбилэг шүүхийн шийдвэрийг дагах ёстой гэсэн утга бүхий хариулт илгээсэн байсан. Гэхдээ би тухайн үед энд байсан ч тийм л хариулт өгөх байсан.

Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар гаргасан шийдвэрийг хүндэтгэж ажиллахаас өөр арга байхгүй шүү дээ”



Д.Эрдэнэбат: ЯМАРВАА НЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР СОНГУУЛИЙН ДҮНД ХАЛДАХ НЬ ХУУЛЬ БУС


Ямарваа нэгэн шүүхийн шийдвэрээр сонгуулийн дүн рүү халдаж орно гэдэг нь хууль бус үйлдэл гэж ойлгогдож байна.

Энэ хууль бус шийдвэр УИХ-д орж ирээд бид зардал батлах гээд сууж байна гэдэг Үндсэн хуулийн зөрчлийг үүсгэх маргаан руу УИХ татагдахын цондон. Тиймээс энэ асуудал дээр бид маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Энд ямарваа нэгэн танай, манай намын тухай асуудал байхгүй. Зөвхөн иргэдийн сонголтыг ийм онцгой зөрчлөөр үгүйсгэдэг. Түүнийг нь УИХ авч хэлэлцдэг дээрээ тулсан сонгуулийн үйл явцыг гурван сонгууль дарааллуулах замаар бид өөгшүүлж болохгүй.

Тиймээс ийм маргаантай асуудлын зардлыг УИХ батлах ёстой эсэх дээр би хувьдаа эргэлзэж байна.

С.Баярцогт: СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ


Сонгуулийн тухай хуулиа дагаж бид энэ маргааныг шийдэх ёстой. Сонгуулийн тухай хуульд “Санал хураалт болон сонгуулийг хүчингүйд тооцох, дахин санал хураах, дахин сонгууль явуулах, ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох” гэсэн ийн аравдугаар бүлэг бий.

Энэ бүлгийн 55 дугаар зүйлээр дахин санал хураалт явуулах асуудлыг зохицуулсан байдаг. Дахин сонгууль явуулах тухай асуудлыг 56 дугаар бүлгээр зохицуулсан.

Өнөөдөр бид Говь-Алтайн асуудлыг наад зах нь дахин санал хураалт уу, дахин сонгууль уу гэдгээ ялгахгүй байна шүү дээ. УИХ, Сонгуулийн ерөнхий хороо, Дээд шүүх нь ямар асуудлаар ямар шийдвэр гаргаснаа мэдэхгүй эргэлзэж байхад аймаг дээр сонгууль явуулна гэж байхгүй. Тиймээс би энэ асуудлыг дээрх хуулийн аравдугаар бүлгийн 55, 56 дугаар зүйлээр зохицуулах ёстой гэж үзэж байна.

Орон нутгийн хурлын сонгуулийн үеэр Говь-Алтай аймгийн сонгуулийн хорооныхон  саналын хуудас дээр МАХН-ын нэрийг бичээгүйгээс болж сонгуулийн маргаан дэгдсэн.

Улмаар МАХН-ынхан шүүхэд гомдол гарган, заргаа авсан учир ийнхүү нөхөн сонгууль хийх нөхцөл бүрдээд байгаа юм. Говь-Алтай аймгийн ИТХ 35 гишүүнтэй.  Үүнээс 17-ынх нь эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэдэг шийдвэрийг шүүх гаргасан учир  Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сум, аймгийн төвийн Есөнбулаг сумын Баяншанд багуудад нөхөн сонгууль хийх болох гэж байна.

Энэ бүх маргаантай байдлаас болж одоогийн байдлаар Говь-Алтай аймагт 2008 оны Орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ хуралдаж, аливаа шийдвэрийг гаргаж байгаа юм.

Үүнийг мэдсээр байж Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага тавьсан УИХ дахь Ардын намынхны “захиалга”-аас болж УИХ-ын гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр нэг нэгнээ ширүүхэн үгээр “шилбүүрдэж” амжсан юм.

Р.Сарангоо

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title